Sunday, May 10, 2015
Намар
Нарны элч алгуурхан буурч, моддын навчис шаргалтаж, хялгана шивээлэн сөл ганхаад, орчлон бүгээн зүсэнд хувилан бүрх малгайгаа өмсөж аргагүй л намрын төрх оржээ. Зөөлөн салхинд навчис газраас төө хэртээ хөндийрөн хийсч агаарт хэдэнтээ вальс эргээд буцан унаж сэржигнээд амьд найрал хөгжим сэтгэл гижигдэн эгшиглэхүйд ертөнцийн төгс зохицолт өнгө будгийн нийлбэр нүднээ амилан гэгээн мэлмийг минь баясгана. Байгаль ээжийн гоо үзэсгэлэнг сэтгэлдээ бахдан сайшаагаад тэртээх уулсын зүг сэм ажихад хэсэгхэн үүлс Өрнөөс Дорно зүгийг чиглэн нүүдэллэх нь нуурандаа хоргодон байж хоёрдогч нутагтаа тэмүүлэх шувуудын зэллээ тэдний гунигтайхан атал хэмнэлт ганганааг чихэнд цуурайтуулах мэт болно. Эх нутгийн минь дээгүүр зэл зэлээрээ хэц татан дуулалдан нисдэг холын шувуудыг энэхүү үүл нүүдэллэсэн тэнгэрт үгүйлэн санагалзахад сэтгэлээс минь нэгэн зүйл эзгүйрэн хоосрох адил болж хөндүүр төрнө. Наран авхайн буцах цаг дөхсөн байв. Энэхэн үед тэнгэрийн улаавтар хаяа ялимгүй онийсон нүдэнд минь нэг ойртон нэг холдох шиг. Баяр бахдалын ч юмуу, гуниг харууслын ч юмуу хааяахан гардаг эр нулимс хацар даган бөмбөрнө. Тал бидэн хоёр энгэрийн ганц хайлаас шиг ганихарна.
Labels:
Нийтлэл
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment