Sunday, May 10, 2015

Хурдан хээрийн дурдатгал

Хөхөө донгодож агь ганга үнэртсэн “Хангай газрын” цэцэг аниргүйхэн ганхах их талын нэгээхэн дэнжид чандмалан буусан гурван гэрийн голынх нь манайх буюу Дашдондогийнх гэдэг айл. Баруун талынх нь Доной манлайнх, харин зүүн талынх нь Баяр буюу манай авга ахынх. Миний мэдэхээр гурван гэр айлсаж буусаар цөөнгүй жилийг үдсэн нь ийнхүү заншил болсон санагдана. Зундаа сургууль амрахаар манай өвөөгийнд хол ойрын ах дүүсийн хүүхдүүд цагаан идээн дээр ирж ёстой л эх зах нь мэдэгдэхгүй түм түжигнэж, бум бужигнах гэгч болно. Хүүхдүүд бидний хийдэг ажил нь нас дээр гарсан өвөө эмээгийн хөл гарын үзүүрт гүйж өглөөдөө ээлжээр босож тугал татаж үнээ ивэлгэн, өдөртөө хонь хариулах бөгөөд адтай нэг нь наадмын морь унана. Өглөө эрт босож үнээ ивэлгэсэн болон адуу хураасан хүүхэд өдөр амрах тул хонинд явахгүй гэсэн дүрэм бидэнд эрх тэгш үйлчилнэ. Гол нууранд багширах адуун сүргийн унгалдах дуу, хөгшин гүү залуу байдаснуудыг хазлах, асман азаргануудыг тангачин хөөх үзэгдэл нүдэнд дасал болно. Мөн хүүхэд морь хоёроо гэсээр монгол дээлийн өнгийг гандаах хөх өвгөдийн захиас, залуу уяачдын исгэрээ, унаачдын гийнгоо, марзай, морьд хөдөлгөн цувраа “гурван” хусан уяаг гортиглох мэт тойрч нойрмоглох хүүхдийн эвшээлгэх бүдэг дуу, хазаарын амгай, эмээлийн дөрөөний хан ян хийн харших цуурай чихэнд дадал болно.

Хонин сүрэг тал дүүргэн налайж, бага сага гүехэн гуу жалганы ирмэгээр хурга ишиг хөөцөлдөн тоглож, сүргийн чимэг хэдэн сэрх сэвшээ салхинд эрүүн доорх чамин гоёлоо намируулан хад асган дээр хэвтэн хивж, хааяа толгой сэжлэх нь их л сүрлэг харагдана. Энэ өдөр хонины хишигтэй би бээр хээр мориныхоо эмээлийг авч өөрийн дураар хэд илүү хазаг гэж бодоод чөдөрлөв. Дөрвөн хөл дээрээ ширээлдэн зогсох морь минь хэд хазах нь байтугай өвсөнд хошуугаа ч үл хүргэн ялаархана. Арга ч үгүй юм уу даа дан тэрлэг өмсөж энгэр задгайлсан миний цээж, ууц нуруу түлэгдэх шахам байхуйд зулай төөнүүлэх тэвэр улаан нарыг ажихад жин үд болж буй бололтой. Ийм аагим халуунд морь маань наранд гандаж шарлан, гол нь хүртэл хур чийггүй болсон өвсийг хазлан идэж тагнай юундаа шазлам халууныг мэдрэхийн оронд чийг үнэртсэн шиг голын өлөнд дураараа хэд хөрвөөгөөд зөөлөн ширэг шир шир хийтэл амаараа дүүрэн хазлан идэхийг хүсэх шиг голын зүг хараа чилээж зөөлөн үүрсэх нь өрөвдмөөр санагдана. Би байнга зүүж явдаг булигааран гэртэй, суран оосор бүхий хоёр нүдний орос дурангаа гаргаж ийш тийш дурандаж хол ойрын сонин хачиныг сонирхов. Гэтэл уяа морьдын тар хийх цаг болсон бололтой манай гурван гэрийн арваад соёолон морьд аргалын хөх утаа уугиулсан хулсан уяагаа хэдэнтээ тойроод зүүн урагш шогшуулж харагдлаа. Миний сэтгэл хөөрч дурангаа барьсаар суусан газраасаа дээш хэд алхаж нэгэн том хадан дээр гарч суугаад өнөө тийш дахин хараа бэлчээв.
Морьд эргэжээ. Дурангаа нэг сунгаж, хэдэнтээ татаж ойртуулан харвал Баяр ахын хонгор халзан магнайлж, аман хүзүүнд өвөөгийн буурал, айргийн гуравт Доной манлайн цавьдар, арын хэд нь бөөндүү үзэгдлээ. Унаач хүүхдүүдийн гүүглэх дуу уулсаар таран цуурайтахад сэтгэл догдолж зүрх байж ядан тонгочино. Өнөөдөр хонины ээлжгүйсэн бол морь тосох нэрийдлээр нэг сайхан уралдахгүй юу гэж бодогдлоо. Гэнэт нуруунаас халуун бүлээн үлээх шиг санагдахад, эргэн харвал хээр морь ард ирчихсэн миний адил догдолж байгаа бололтой чих нь сортолзож нүд нь хэдийнээ тарлаж буй морьдын дэргэд хүрчээ. Уг нь хээр морины алдар одоогоос гурван жилийн өмнө сумын наадмын хурдан морь барианы газарт цуурайтаж асаныг хэн ч мартаагүй сэн...

No comments:

Post a Comment