Tuesday, May 12, 2015

Maroon 5 - Sugar

Ярилцлага

Хэнтий аймгийн Баян-Овоо суманд “Талын хөндий” гэдэг газар 1951 онд Раднаагийн ууган хүү болон мэндэлсэн. Намайг хүүхэд байхад манай аав Баян-Овоо суманд Орос дэлгүүрт худалдагч хийж байлаа.Би аавыгаа дагаж Бэрх тосгонд анх ирсэн юм. Түүнээс хойш өнөөг хүртэл Бэрх тосгондоо ажиллаж, амьдарч байна. 1959 онд сургуульд орж, 1966 онд 7 дугаар анги төгсөж ОХУ-д барилгийн ТМС яваад Орёнбург хотод 2 жил суралцаад Новасиберск 2 жил байгаад нутагтаа ирж аймгийн барилга контоорт жил гаран ажиллаж байгаад цэргийн албанд явсан юм даа. Тэр үед цэрэг гэж том алба байлаа шүү дээ. 3 жилийн албаа хаагаад Бэрхдээ ирж Бэрхийн уурхайд ажилд орж байлаа. Бэхэлгээчин, тэсэлгээчин, байр засагч зэрэг ажлуудыг хийж эхэлсэн. Уурхайд ажиллаж байхдаа 1977 онд аваарт орж нэг нүд хараагүй болсоноор БВ-гын манаач, дизелийн манаа, скаладны манаа гээд л зэвсэгийн нярав, грушик хийж байлаа.Нэг нүд маань харааны чадваргүй болсоноор нүдээрээ группт орсон. Тэгээд л туслах ажилтан хийх болсон доо. Орос ах нар ч ажилладаг байсан, шантарч цуцаж байсан удаа байгаагүй юм даа. Бэрх хот маань тэр үед бараг Монголд байхгүй хөгжил цэцэглэлттэй “Хот” байлаа шүү дээ. Орос 10 жил, Монгол 10 жил спорт заал гээд сургууль соёл чинь их хөгжил өндөр байсан юм. Хөгжил цэцэглэлтийн оргил үе гэж болохоор. Манай Бэрхийн уурхай төрийн өмчийн байж байгаад 1994 онд хаагдаад бараг сөнөсөн гэж хэлж болно доо. Харин одоогийн захирал Мэндээ хүү /Б.Мэндсайхан/ ирж хөл дээр нь босгож сэргээсэн юм. Нилээд жоохон хүүхэд ирээд нилээд олон жил захиралын албыг залгуулж байна даа. Энэ уурхайг сэргээсэн хүн шүү дээ. Манай гэргийг Дэмбэрэлсамбуугын Сарантуяа гэдэг Бэрх хотын ЕБС-н багш 33 жил багшилж саяхан тэтгэвэртээ гарсан, 6 хүүхэдтэй, 10 гаран ач зээтэй өнөр бүл шүү дээ манайх чинь. Том ач нар цэрэгт явд ирсэн. Гар нь ганзаганд, хөл нь дөрөөнд хүрлээ. Уурхайнхаа үр шимийг их хүртэж байна даа. Манай уурхай чинь нэр нь л Бэрх болохоос биш их сайхан газар шүү дээ. Манай Мэндээ хүү бараг юу ч үгүй газар ирээд л ийм сайхан болгоод байгаа их сайхан буян нь дэлгэрсэн хүн дээ.

Sunday, May 10, 2015

Хурдан хээрийн дурдатгал

Хөхөө донгодож агь ганга үнэртсэн “Хангай газрын” цэцэг аниргүйхэн ганхах их талын нэгээхэн дэнжид чандмалан буусан гурван гэрийн голынх нь манайх буюу Дашдондогийнх гэдэг айл. Баруун талынх нь Доной манлайнх, харин зүүн талынх нь Баяр буюу манай авга ахынх. Миний мэдэхээр гурван гэр айлсаж буусаар цөөнгүй жилийг үдсэн нь ийнхүү заншил болсон санагдана. Зундаа сургууль амрахаар манай өвөөгийнд хол ойрын ах дүүсийн хүүхдүүд цагаан идээн дээр ирж ёстой л эх зах нь мэдэгдэхгүй түм түжигнэж, бум бужигнах гэгч болно. Хүүхдүүд бидний хийдэг ажил нь нас дээр гарсан өвөө эмээгийн хөл гарын үзүүрт гүйж өглөөдөө ээлжээр босож тугал татаж үнээ ивэлгэн, өдөртөө хонь хариулах бөгөөд адтай нэг нь наадмын морь унана. Өглөө эрт босож үнээ ивэлгэсэн болон адуу хураасан хүүхэд өдөр амрах тул хонинд явахгүй гэсэн дүрэм бидэнд эрх тэгш үйлчилнэ. Гол нууранд багширах адуун сүргийн унгалдах дуу, хөгшин гүү залуу байдаснуудыг хазлах, асман азаргануудыг тангачин хөөх үзэгдэл нүдэнд дасал болно. Мөн хүүхэд морь хоёроо гэсээр монгол дээлийн өнгийг гандаах хөх өвгөдийн захиас, залуу уяачдын исгэрээ, унаачдын гийнгоо, марзай, морьд хөдөлгөн цувраа “гурван” хусан уяаг гортиглох мэт тойрч нойрмоглох хүүхдийн эвшээлгэх бүдэг дуу, хазаарын амгай, эмээлийн дөрөөний хан ян хийн харших цуурай чихэнд дадал болно.

Намар

Нарны элч алгуурхан буурч, моддын навчис шаргалтаж, хялгана шивээлэн сөл ганхаад, орчлон бүгээн зүсэнд хувилан бүрх малгайгаа өмсөж аргагүй л намрын төрх оржээ. Зөөлөн салхинд навчис газраас төө хэртээ хөндийрөн хийсч агаарт хэдэнтээ вальс эргээд буцан унаж сэржигнээд амьд найрал хөгжим сэтгэл гижигдэн эгшиглэхүйд ертөнцийн төгс зохицолт өнгө будгийн нийлбэр нүднээ амилан гэгээн мэлмийг минь баясгана. Байгаль ээжийн гоо үзэсгэлэнг сэтгэлдээ бахдан сайшаагаад тэртээх уулсын зүг сэм ажихад хэсэгхэн үүлс Өрнөөс Дорно зүгийг чиглэн нүүдэллэх нь нуурандаа хоргодон байж хоёрдогч нутагтаа тэмүүлэх шувуудын зэллээ тэдний гунигтайхан атал хэмнэлт ганганааг чихэнд цуурайтуулах мэт болно. Эх нутгийн минь дээгүүр зэл зэлээрээ хэц татан дуулалдан нисдэг холын шувуудыг энэхүү үүл нүүдэллэсэн тэнгэрт үгүйлэн санагалзахад сэтгэлээс минь нэгэн зүйл эзгүйрэн хоосрох адил болж хөндүүр төрнө. Наран авхайн буцах цаг дөхсөн байв. Энэхэн үед тэнгэрийн улаавтар хаяа ялимгүй онийсон нүдэнд минь нэг ойртон нэг холдох шиг. Баяр бахдалын ч юмуу, гуниг харууслын ч юмуу хааяахан гардаг эр нулимс хацар даган бөмбөрнө. Тал бидэн хоёр энгэрийн ганц хайлаас шиг ганихарна.

Thursday, April 16, 2015

Шүлэг бүтэхүй

Мянган бээрийн цаана бясалган суугч бодол минь
Бийр, бэх, цаас нийлэх бүдэг чимээнд сэрж
Тархи руу "цахисан оч" мэт дүүлэхэд
Бадаг шүлэг бүрэлдэмүй

Wednesday, April 15, 2015

Хэрж нэхсэн аалзны тор шиг цаг хугацааны эргүүлэг дундаас
Хөл нүцгэн би бээр борооны дараахь шавар туучин гүйж
Хэн нэгэн хүнд хэл дуулгах гэж хаа нэг тийш яарч явсанаа
Хэзээ хаана санах нь энэ вэ!!!
  
Замбараагүй бас цэгцгүй ургадаг харгана шиг бачим орон зайнаас
Зам нь салаалж тэнгэр өөд аав минь гуниг дагуулан одсоныг
Хялгас томж суусан зэргэлдээ айлын эмээ ам нь салсандаа
Холын гийчинд хэнэгч үгүй ярьж суусаныг 
Одоо л би тод гэгч нь санаж байна
Оройтчихож ээ уйлах минь..............